ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

2026-07-07


ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилно уу.

Миний бие 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Сэржо Маттарэллад Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилдаа ороод байна.

Дундад зууны үеэс эхлэлтэй Монгол, Италийн харилцаа эдүгээ хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан стратегийн түншлэлийн түвшинд хүрч, улс төр, нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагаа өргөжин идэвхтэй хөгжиж байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Итали Улсыг өөрийн гуравдагч хөрш, итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд хоёр орны хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг байдаг. Цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө хоёр тал хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр орны иргэд харилцан зорчих нь нэмэгдэж байна. Манай орны иргэд суралцах, бизнес хийх, аялан жуулчлах зорилгоор эртний түүх, соёлын өлгий үзэсгэлэнт Итали оронд  зорчиж байгаа бөгөөд иргэдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах нь манай Элчин сайдын яамны тэргүүлэх зорилтуудын нэг билээ.

Элчин сайдын яам нь Ром хотноо төвтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудад Монгол Улсыг төлөөлөн ажилладаг бөгөөд Бүгд Найрамдах Албани Улс, Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Сан Марино Улсад хавсран суудаг.

Элчин сайдын яам энэ цахим хуудсаараа Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад бодлогын хэрэгжилтийн тухай бодит мэдээллийг Та бүхэнд шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хоорондын хамтын ажиллагааны тухай шинэ соргог мэдээллийг түгээж, шаардлагатай  зөвлөмж, анхааруулгыг мөн нийтэлж байх болно.

Элчин сайдын яамны үүд хаалга Та бүхэнд ямагт нээлттэй байх болно.

Танд эрүүл энх, ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн гүнээ мэндчилсэн,

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган

Ром хот, 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр