ЭЛЧИН САЙД Д.БУЛГАН "МОНГОЛ-ИТАЛИЙН НИЙГЭМЛЭГ"-ИЙН ТЭРГҮҮН Л.НЯМААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд Д.Булган 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүн Л.Нямааг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, гадаад улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, улс орны хөгжил дэвшилд оролцоог нь нэмэгдүүлэх, тэдгээрийн үүсгэл санаачилгаар бий болсон нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг дэмжиж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, эх орноо сурталчлах, монгол уламжлал, хэл соёлоо хадгалахад хамтран ажиллах нь Монгол Улсын Засгийн газрын чухал зорилт байдгийг онцолж, Итали дахь монгол иргэд, холбоодын санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэ хүрээнд ЭСЯ, Монгол-Италийн нийгэмлэгтэй хамтран хоёр орны аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан солилцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар санал солилцов.
Л.Нямаа нь 30 гаруй жилийн турш Монгол, Италийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд тууштай ажиллаж ирсэн бөгөөд Италийн алдарт аялагч Плано Карпинигийн “Монголчуудын түүх” номыг итали хэлнээс монгол хэл рүү орчуулж, анхны “Итали-Монгол, Монгол-Итали толь бичиг”-ийг зохион хэвлүүлсэн байна.
Монгол-Италийн нийгэмлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Итали Улсад соёл, урлагийн өдөрлөг зохион байгуулах, Перужа хотын Гадаад оюутны Их сургуультай боловсролын чиглэлээр хамтран ажиллахаас гадна 2000 оноос эхлэн сар шинийн баяр “Цагаан сар”-ыг тэмдэглэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.