images

ЭЛЧИН САЙД Д.БУЛГАН ӨРГӨМЖИТ КОНСУЛ АНТОНИО ПАОНЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2026-06-23

5

Элчин сайд Д.Булган 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсын Кампания мужид суугаа Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах, Кампания мужийн Наполи хотод оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Архангай аймаг, Анакапри хот хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд тус хотод Монголын үзэсгэлэнт байгаль, орчин үеийн хөгжил цэцэглэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, кино өдрүүд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Ноён Антонио Паонэ нь 2023 оноос Монгол Улсаас БНИУ-д суугаа Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд консулын тойрогт оршин сууж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аж ахуйн нэгжүүд Итали Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн.