images

ЭЛЧИН САЙД Д.БУЛГАН ӨРГӨМЖИТ КОНСУЛ ПИЕРО АЛБАРАНО БАРДАЦЦИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2026-06-24

7

Элчин сайд Д.Булган 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсын Тоскана мужид суугаа Өргөмжит консул Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзаж, хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг идэвхжүүлэх, Итали Улсад оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аж ахуйн нэгж хооронд арьс, шир, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр ЭСЯ-ны зүгээс Тоскана мужийн Флоренц болон Пиза хотын Их сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоо жил бүр нэмэгдэж буйтай холбогдуулан оюутан залууст шаардлагатай зөвлөгөө, мэдээ, мэдээлэл болон консулын үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Тус мужид 100 гаруй монгол иргэд амьдарч байгаагаас дийлэнх нь оюутан байна.

Түүнчлэн Итали Улс дахь Монгол судлалыг хөгжүүлэх, Флоренцын Их сургууль дахь “Монголын соёлын төв”-ийн үйл ажиллагааг дэмжиж, ЭСЯ-ны зүгээс эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, судалгааны ном товхимол хандивлахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ноён Бардацци хоёр талын арьс, ширний салбарын аж ахуйн нэгж хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, Итали Улсын Санта Кроче хотын арьс ширний парктай танилцахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол баталсан. Энэ хүрээнд ЭСЯ-наас Тоскана мужийн Сиена хотын эртний уламжлалт Палио морин уралдаан зохион байгуулагч талтай эхлүүлсэн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэв.

Өргөмжит консул Пиеро Албарано Бардацци нь 2012 оноос хойш Монгол Улсаас БНИУ-д суугаа Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байна.