images

ЭЛЧИН САЙД Д.БУЛГАН ӨРГӨМЖИТ КОНСУЛ ПАОЛО БОНЕТТИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2026-06-25

10

Элчин сайд Д.Булган 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсын Ломбардия мужид суугаа Өргөмжит консул Паоло Бонеттиг хүлээн авч уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын салбарын харилцааг өргөжүүлэх, Итали Улсад оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд шууд хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх, Милан хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Bit Milano 2027” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Монголын аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, операторуудыг оролцуулах, Ломбардия мужийн их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд солилцож, туршлага судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Өргөмжит консулын зүгээс Италийн төрийн өмчит Эрчим хүч, байгалийн хий нийлүүлэгч “ЭНИ” ТӨХК монголын талтай хамтран ажиллах нөөц боломж байгааг илэрхийлэв.

Өргөмжит консул Паоло Бонетти нь 2021 оноос хойш Монгол Улсаас БНИУ-д суугаа Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх зэргээр тууштай ажиллаж ирснийг үнэлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд “Найрамдал” медалиар шагнасан. Милан хотод ойролцоогоор 100 гаруй монгол иргэн оршин сууж байна.