ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ ХООРОНДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Италийн Парламентын найрамдлын бүлэг, Италийн Парламент дахь Итали, Монголын Парламентын найрамдлын бүлэг хоорондын цахим уулзалтыг 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав. Цахим уулзалтад манай талаас бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, бүлгийн гишүүн А.Адъясүрэн, Ц.Сандаг-очир болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс, Гадаад харилцааны яамын Европын газрын удирдлага оролцов. Италийн талаас бүлгийн дарга Төлөөлөгчдийн танхимын гишүүн Алессандро Пагано тэргүүтэй Парламентын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон албаны хүмүүс оролцов.
Уулзалтын үеэр талууд дэлхий дахинаа тулгараад буй бэрхшээлийг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа улс орнуудын харилцан, ойлголцол, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, сайн туршлагаа хуваалцахын чухлыг онцлов. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд улс төрийн харилцан ойлголцол, ялангуяа хууль тогтоох байгууллагын ойр дотно харилцаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол, Италийн Парламентын Тамгын газар хооронд шууд хамтын ажиллагааг бий болгоход мөн дэмжлэг үзүүлэхээ талууд нотлов.
Парламентын бүлэг хоорондын цахим уулзалтаар Монгол, Италийн худалдааны нийт эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны таатай орчныг бий болгох замаар коронавирусний халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, туршлага хуваалцахад хамтран ажиллахаар болов.