Итали Улсын вакцинжуулалтын явцын талаарх мэдээлэл

Бүгд Найрамдах Итали Улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг Европын Холбооны бусад гишүүн улсын нэгэн адил 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 15,5 сая хүн тун вакцин хийснээс 10,9 сая хүн эхний тун, 4,6 сая хүн хоёр дахь тунд хамрагдаад байна. Засгийн газраас 2021 оны 1 дүгээр сар болон 3 дугаар сард шинэчлэн баталсан вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу насанд хүрсэн нийт хүн амыг 2021 оны 9 дүгээр сар гэхэд бүрэн вакцинжуулах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус улсад Европын эмийн агентлаг болон Италийн эмийн хүрээлэнгээс яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл
олгогдсон дараах вакциныг ашиглаж байна. Үүнд: • Файзер/Бионтек
• Модерна
• Ваксзевериа (Астразенека)
• Жонсон&жонсон (Вакцинжуулалтад ашиглахыг түр хойшлуулсан)
Итали Улсын Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу тус улсын газар нутагт оршин сууж буй бүх хүнийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулна.
Вакцинжуулалтыг дараах ангиллын дагуу хийнэ. Үүнд:
1 Нэн өндөр эрсдэл бүхий иргэд
Халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлэг, хүчний байгууллага болон боловсролын байгууллагын ажилтнууд, 80-аас дээш насны иргэд, өндөр настны асрамжийн газрын ахмадууд болон суурь өвчтэй иргэд ба тэдгээрийн асран хамгаалагч
• Амьсгалын замын өвчин
• Зүрх судасны эмгэг
• Мэдрэлийн гаралтай өвчин
• Чихрийн шижин
• Бөөрний дутагдал
• Дархлалын хомсдол
• Элэгний өвчлөл
• Тархины судасны нарийсал
• Хавдар
• Дауны синдром
• Эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон иргэд
• Хэт таргалалт
• Дархлалын олдмол хомсдол
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
2 70-79 насны иргэд
3 60-69 насны иргэд
4 60-аас доош насны суурь өвчтэй иргэд
(эрсдлийн түвшин харьцангуй бага буюу өвчнөөр оношлогдсон эсхүл анхан шатанд байгаа)
• Амьсгалын замын өвчин эмгэг
• Зүрх, судасны өвчин
• Мэдрэлийн гаралтай эмгэг
• Чихрийн шижин
• Дархлалын олдмол хомсдол
• Бөөрний дутагдал
• Дархлалын хомсдол
• Элэгний өвчлөл
• Тархины судас нарийсах өвчлөл
• Хавдар
5 60-аас доош насны бусад иргэд
Италийн Эрүүл мэндийн яам болон вакцинжуулалтын асуудлыг хариуцаж буй комиссарын газраас 4 дүгээр сардаа багтаан 80-аас дээш насны бүх иргэдийг, 70-аас дээш насны иргэдийн дийлэнх хэсгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна. Түүнчлэн вакцины ханган нийлүүлэлт богино хугацаагаар саатах, зарим нэгэн клиникийн сөрөг үр дагавар гарсантай холбоотойгоор түр хугацаанд ашиглахыг хойшлуулах зэрэг асуудал тулгарч буй хэдий ч Италийн Засгийн газраас энэ сарын сүүлээс эхлэн өдөрт 500 мянган тун вакцин хийхээр эрчимтэй ажиллаж байна.
Итали Улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд өөрийн хамаарах ангилал, ээлж ирмэгц тусгайлсан цахим хуудсанд www.prenotazioni.vaccinicovid.gov.it хандаж, бүртгүүлснээр вакцинжуулалтад хамрагдах байршил болон цаг хугацааны талаарх мэдээллийг авах боломжтой. Засгийн газраас идэвхжүүлсэн дээрх цахим хуудаснаас гадна аймаг, муж бүр вакцинжуулалтын бүртгэлийн цахим хуудсыг ажиллуулж байгаан зэрэгцээ Poste Italiane болон өрхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаараар бүртгэлээ хийлгэх боломжтойг анхаарна уу.
Вакцинжуулалтад бүртгүүлэхдээ татварын код (сodice fiscale) болон эрүүл мэндийн даатгалын карт (tessera sanitaria)-ын мэдээлэл шаардлагатай.
Оюутан сурагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 149,77 евро, бусад иргэд оршин сууж буй зорилгоосоо хамааран 219,49-387,34 еврог төлснөөр эрүүл мэндийн даатгалын карт (tessera sanitaria)-ыг захиалан авах боломжтой. Карт захиалгыг (iscrizione volontaria) өөрийн оршин сууж буй газрын харьяалах өрхийн эмнэлэг (ASL)-т очиж захиална уу. Захиалга хийхдээ оршин суух эрх (permesso di soggiorno), гадаад паспорт, оршин суугаа газрын тодорхойлолт (autocertificazione di residenza) болон татварын код (codice fiscale) зэрэг материалын хуулбарыг авч очихыг анхаарна уу.