ИТАЛИЙН АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮСЭД АЖИЛЛАВ

“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Италийн ИМАГРО болон Италпрожетти компанийн урилгаар тус улсад ажиллав.
Ажлын айлчлалын хүрээнд Италийн арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн төв бүс нутаг болох Санта Крочед ажиллаж Италпрожетти компанийн арьс, шир боловсруулах тоног төхөөрөмж болон бохир ус цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Засгийн газраас жилдээ 10 гаруй сая арьс шир боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, туршлага судлах, улмаар олон улс болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглах боломжийг эрэлхийлэн, хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Италийн ИМАГРО болон Италпрожетти компанитай техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах цаашилбал, үйлдвэрийн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав.
Түүнчлэн Элчин сайд Ц.Жамбалдорж, “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар Италийн Санхүүгийн даатгал, бүтээгдэхүүн үйлчилгээний байгууллага (SACE)-ын удирдлагатай уулзаж, Дарханы арьс ширний бүтээн байгуулалтын санхүүжилтэд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор манай 230 мянга гаруй малчин өрхийн орлого нэмэгдэх, цөөнгүй ажлын байр бий болох ялангуяа малын түүхий эдийг өндөр технологиор боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд гаргах таатай нөхцөл бүрдэх юм.