НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН САНГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ДОМИНИК ЗИЛЛЕРТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж тус сангийн Дэд ерөнхийлөгч Доминик Зиллертэй энэ 10 дугаар сарын 15-ны өдөр үдэлтийн уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС-ийн хоорондын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр 2017 оноос тус сангийн санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн зээлийн хэрэгжилтийн талаар санал солилцов. Энэхүү төсөл нь Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн төсөл хэрэгжиж буй аймгуудын малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж ядуурлыг бууруулах зорилттой. Уг төсөл нь эдүгээ Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж мал аж ахуйн үйлдвэрлэл, бичил, жижиг бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтуудыг орон нутгийн хамтарсан санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлж байна. ХХААХОУС-ын Дэд ерөнхийлөгч Д.Зиллер Монгол Улстай цаашид тус сангийн нөөцийг 12 дахь удаа нөхөх IFAD 12-ын хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа талаар дурдав.