Гэрлэлтийн бүртгэл
2022-11-10
ЭСЯ нь Бүгд Найрамдах Итали Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-д өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, (Мэдүүлгийг хэрхэн бөглөх загвартай сайтар танилцана уу)
2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар Хосууд ЭСЯ-д хандаж хамтарсан өргөдөл гаргана. (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн Итали Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын дагуу өөрийн улсын хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/, Бүгд Найрамдах Итали Улсад хэрэглэж байгаа үнэмлэхний хуулбар /ар, өвөр/
4. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай лавлагааг, хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг /орчуулгыг хавсаргана/ авсан байх шаардлагатай
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ / Эрүүл мэндийн тодорхойлолт - татаж авах/
6. Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна (Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу)
Жич: ЭСЯ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 2-3 сарын дотор баталгаажигдана.