Гадаад паспорт

2022-11-11


Бүгд Найрамдах Итали Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болох, түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой  тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр авна.

Гадаад паспорт шинээр авахын тулд дараахь бичиг баримтыг бvрдvvлж, ЭСЯ-д авчирна:

1. Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр гаргах бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, e-mail хаягийг заавал тодорхой бичсэн байна)

2. “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг, өргөдөл”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлэг, өргөдлийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)

3. Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт

4. Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгvй болсон паспортын сунгалттай хуудасны хуулбар

5. 16-аас дээш насны иргэдийн хувьд иргэний цахим vнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн аль нэгний гадаад паспорт, эсхүл иргэний цахим үнэмлэхний хуулбар

6. Дөрвөн хувь өнгөт зураг /зураг нь 3.5 x 4.5 см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой/

7. Паспортын vнэ, Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна.

Тайлбар: ЭСЯ гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЭСЯ-д ирүүлдэг. ЭСЯ уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэнд олгоно. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 3 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.

Анхаарах зүйлс:

1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой

2. Хуучин паспорт алга болсон тохиолдолд шинэ паспорт дээр Бүгд Найрамдах Итали Улсын виз шилжин тавигдахгүй бөгөөд паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тухайн зөрчил хэвээр үлддэг болохыг анхаарах нь зүйтэй. Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй

3. Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг. Мэдүүлэгтээ Бүгд Найрамдах Итали Улсад болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй. Паспорт захиалсны дараагаар оршин суугаа хаягаа өөрчлөх бол ЭСЯ-д мэдэгдэх хэрэгтэй

4. Шинээр паспорт авахад 3 сар хүртэл хугацаа шаардагдана

Иргэд шинэ паспорт захиалж паспортаа 3 сараас 1 жил хүртэлх удаан хугацаагаар хүлээх тохиолдол гарч байгаа нь дараахь шалтгаантай

1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй

2. Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг