ЭЛЧИН САЙД Ц.НАРАНТУНГАЛАГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Итали Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг болохыг онцлов. Элчин сайд Ц.Нарантунгалаг хоёр орны улс төрийн харилцан ойлголцол бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг хэлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл урлаг, боловсрол зэрэг салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн ашиглаж, харилцааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавьсныг мэдээлж, чингэхдээ малын арьс шир, ноос ноолуурыг Италийн дэвшилтэт техник, технологиор боловсруулж, экспортод гаргах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Мөн энэ чиглэлд хамтын ажиллагааны эхлэл тавигдсаныг дурдав. Элчин сайд Ц.Нарантунгалаг хоёр улс НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирснийг мөн хэлэв. Ерөнхийлөгч С.Маттарелла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг уламжлахыг хүсээд Монгол, Италийн харилцааг өргөжүүлэх нь бидний хамтын эрхэм зорилго юм гээд өнгөрсөн 6 дугаар сард зохион байгуулагдсан Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын ээлжит хуралдаанаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгоход Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам болон бусад холбогдох төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлэх болно гэв. Тэрээр хоёр улсын эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагааны боломж илүү байгааг онцлов. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ц.Нарантунгалаг Ерөнхийлөгч С.Маттареллад зул сар, шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд Ц.Нарантунгалагт үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйтай нь холбогдуулан ажлын өндөр амжилт хүсэв. |