ИТАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЭТТОРЭ РОСАТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Этторэ Росато, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, Марко Ди Маёо нарыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцолж, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй буйгаа хэлэв.
Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато тэргүүтэй төлөөлөгчдийн өнгөрөгч 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалаар ярьж тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгоход Элчин сайдын хувиар анхаарч ажиллахаа илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, соёл, хотын менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Төлөөлөгчдийн танхимын гишүүд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ нотлов.