images

НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДР. ЧУ ДОНГИУД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ӨРГӨН БАРИЛАА

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-03-24

139

Элчин сайд Ц.Нарантунгалаг НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Др. Чу Донгиуд Итгэмжлэх захидлаа барьж, Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Др. Чу Донгиутай уулзах үеэрээ НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд манай хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтойг онцлоод, цаашид мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн байгууллагуудыг чадавхжуулах, хөдөө аж ахуйн биржийг цахимжуулахад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Тэрбум мод” мод тарих үндэсний хөдөлгөөн орон даяар эрчимтэй эхэлсэн бөгөөд энэ хүрээнд төрөл бүрийн модны үр, сортын хангамж, дэвшилтэт техник, технологийг ашиглах, шаардлагатай судалгааны чиглэлээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Др. Чу Донгиу Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд бүх талын дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлж ажиллахаа нотлов. Талууд саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” зарлах санаачлага байгал экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.