images

КАРЛО ГАСТОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-04-11

181

Энэ өдөр Элчин сайд Ц.Нарантунгалаг 1912 оны Монгол-Оросын Найрамдлын гэрээнд Оросын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурсан Бүрэн эрхт төлөөлөгч, элч И.Я.Коростовецийн ач хүү Карло Гастонийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Карло Гастоне өөрийн эмээ Ольга Ивановна Коростовецийн өдрийн тэмдэглэлийг франц хэлнээс итали хэлнээ хөрвүүлэн ном болгож хэвлүүлснээ Элчин сайдад дурсгаж, энэхүү номоор өөрийн өвөг эцэг И.Я.Коростовецийн үйл хэргийг монгол, итали төдийгүй олон улсад таниулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрээр энэхүү номд дурдагдсан үйл явдал, цаг хугацаа, газар усны нэр зэргийг нягтлах, тодруулах ажлыг монгол, орос, итали, францын эрдэмтэн судлаачидтай хамтран 3 жилийн турш хийсэн бөгөөд номоо 2020 онд цөөн тоогоор хэвлүүлжээ.
Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол, Орос хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны ард түмэн ч онцгой сайн харилцаатай байдгийг хэлж, энэхүү гэрээ манай улсын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Орос Улстай худалдаа хийх, санхүүгийн харилцааг эхлүүлэх үндэс суурийг тавьсныг тэмдэглэв. Мөн Монгол Улсын түүхтэй холбоотой чухал баримт, ховор гэрэл зураг бүхий ном бүтээсэнд талархал илэрхийллээ.