images

БҮГД НАЙРАМДАХ МАЛЬТ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА АНЖЕЛО ФАРРУЖИАД БАРААЛХАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-06-17

317

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга Анжело Фарружиад бараалхав. Бараалхалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг энэ оны 3 дугаар сард болсон парламентын сонгуулийн дараа Төлөөлөгчдийн танхимын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэж, Монгол Улс Европын Холбооны гишүүн орнуудтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч гадаад бодлогодоо “гуравдагч хөрш” гэж чухалчлан үздэгийг хэлж, ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа, үнэт зүйлс дээр тулгуурлан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг тэр дундаа хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцааг хөгжүүлэх хүсэлтэйгээ хэлэв. Түүнчлэн энэ өдрүүдэд Монгол Улсын Их Хурал дахь Европын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүд Брюссель хотноо Европын Парламент дахь Монголтой харилцах бүлгийн дарга, гишүүдтэй хоёр талт уулзалт хийж байгаа бөгөөд энэ нь МУИХ-Европын парламентын яриа хэлэлцээний байнгын механизм болохыг хэлэв.

Мальта Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга А.Фарружиа Монгол Улс Европын Холбооны гишүүн орнуудтай идэвхтэй хамтын ажиллагаатайг тэмдэглэн, хоёр орны хууль тогтоох байгууллагууд Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд бие биенээ дэмжин ажилладагт талархалтай байдгаа хэлэв. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Мальта Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 97 хувийн саналаар сонгогдсон нь чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцолж хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Мальта Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга А.Фарружиа Элчин сайд Ц.Нарантунгалагт үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэв.