"ФРЕДЕРИК ШОПЕН" НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН, ХАТАГТАЙ МАРЧЕЛЛА ГРУДЕЛИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг Итали дахь “Фридерик Шопен” нийгэмлэгийн тэргүүн, олон улсын төгөлдөр хуурчдын “Рома” тэмцээнийг үүсгэн байгуулагч, төгөлдөр хуурч хатагтай Марчелла Груделиг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Марчелла Грудели 1990 оноос эхлэн дэлхийн улс орнуудын мэргэжлийн төгөлдөр хуурчдын дунд “Рома” тэмцээнийг зохион байгуулж буйгаа уулзалтын үеэр танилцуулж Ром хотноо 2022 оны 11 дүгээр сарын 4-16-ны өдрүүдэд болох 31 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаас мэргэжлийн төгөлдөр хуурчдыг оролцуулах, тэмцээний төгсгөлд бусад орны төгөлдөр хуурчидтай хамтарсан тоглолт зохион байгуулах боломжтой талаар хэлэв.
Элчин сайд Ц.Нарантунгалаг мэргэжлийн төгөлдөр хуурчдын дунд нэр хүндтэй “Рома” тэмцээнд монголын авьяаслаг төгөлдөр хуурчдыг оролцуулах чиглэлээр ажиллана гээд цаашид “Фридерик Шопен” нийгэмлэг болон хатагтай Марчелла Груделитай хамтран сонгодог урлагийн чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Олон улсын “Рома” тэмцээн нь нийт 5 ангилалд явагддаг бөгөөд 1990 оноос хойш дэлхийн 4000 гаруй төгөлдөр хуурч уг тэмцээнд оролцсон байна.